Хэвийн бус зүрхний цохилт, Зүрхнээс илгээж буй аюулын дохио 'Зүрхний хэм алдагдал' Дэжон Илжи их сургуулийн эмнэлгийн зүрх судасны тасгийн профессор, Кан Ги Үн

Хүн бүхэн дор хаяж нэг удаа зүрх нь гэнэт хүчтэй цохилох тохиолдолтой таарч байсан байх. Ихэнх хүмүүс хэм алдагдлыг түр зуурын шинж тэмдэг гэж үздэг бөгөөд үүнийг үл тоомсорлох тохиолдолд их байдаг. Тэр тусмаа зүрх дэлсэх, цээж бачуурах, толгой эргэх, ухаан алдах хүртэл шинж тэмдэг илрэх хүртэл нь үл тоомсорлож байгаад өвчнөө хүндрүүлэх тохиолдол их гардаг. Гэсэн хэдий ч хэм алдагдлыг үл тоомсорлох нь гэнэтийн үхлийн эрсдэлд хүргэж болзошгүй тул бид онцгой анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан бид Дэжон Илжи их сургуулийн эмнэлгийн зүрх судасны профессор Кан Ги Гүнтэй уулзаж хэд хэдэн зүйлийг тодрууллаа.

Q1. Хэм алдагдал гэж юу вэ, шалтгаан нь юу вэ?

Хэм алдагдал гэдэг нь өдрийн сэрүүн, тайван байхад минутанд 60-100 удаа цохилдог зүрхний цохилт нь хэвийн хэмжээнээс хэт хурдан(тахикарди), хэт удаан (брадикарди), эсвэл жигд бус цохилох(эрт цохилт, тосгуурын фибрилляци) үзэгдлийг хэлнэ. Хэм алдагдлыг электрокардиограммаар шалгаж оношлодог. Ялангуяа тосгуурын фибрилляцийн хамгийн түгээмэл хэм алдагдал нь тархины цус харвалт үүсэх шалтгааны 20-30%-ийг эзэлдэг.
Хэм алдагдлын хувьд зүрхний дутагдал, миокардийн шигдээс, зүрхний хавхлагын эмгэг, кардиомиопати зэрэг зүрхний өвчний улмаас үүсдэг хоёрдогч хэм алдагдал хамгийн чухал бөгөөд зүрхний хэвийн үйл ажиллагаа, бүтцэд тохиолддог анхдагч хэм алдагдлын хувьд ч ихээхэн ажиглагддаг.
Зүрхний хэм алдагдах нийтлэг шинж тэмдэг нь зүрх дэлсэх, цээжинд таагүй болох, толгой эргэх, амьсгалахад хэцүү болох, цээжээр өвдөх, ядрах зэрэг юм. Зүрхний хэм алдагдал нь олон төрөл байдаг бөгөөд 2 тосгуур 2 ховдлын зүрхэнд зүрхний хэм алдагдал юунаас эхэлсэн, эсвэл зүрхний хэмнэл хэвийн хэмжээнээс илүү тогтмол эсвэл тогтмол бус эсэх, хурдан эсвэл удаан байхаас хамаарч шинж тэмдгүүдийн нэр, хүндийн зэрэг өөр өөр байдаг.
Голчлон судасны цохилтыг үүсгэдэг зүрхний цахилгаан дохио хэвийн ажиллахгүй байх эсвэл зүрхний бүтцийн өвчлөл байх тохиолдолд хэм алдагдал үүсдэг. Түүнээс гадна янз бүрийн шалтгаанууд байж болох бөгөөд хэм алдагдлын хэлбэрийн дагуу өвчтөний эрсдэлийг тодорхойлоход хэцүү байдаг учраас өвчний шинж тэмдэг илэрвэл даруй эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Q2. Ямар төрлийн эмчилгээнүүдийг хийж болох вэ?

Хэм алдагдлыг импульс хурдан цохилдог тахикарди (100-аас дээш удаа) ба удаан цохилдог брадикарди (60-аас бага удаа) гэж хуваадаг. Дараа нь үүнийг тосгуур, ховдлоос дээш эсвэл ховдол дотор гэх мэт гарал үүслийн дагуу ангилдаг.
Ховдлын эрт агшилт тасралтгүй үргэлжилдэг ховдлын тахикарди буюу ховдлын фибрилляци нь хамгийн идэвхтэй эмчилгээ шаарддаг.
Шууд утгаараа энэ нь ховдол дахь зүрхний булчингийн агшилт хангалтгүй хурдан бөгөөд 30 секундээс дээш хугацаанд тасралтгүй үргэлжлэх үзэгдэл бөгөөд, ховдлын фибрилляци руу шилжвэл энэ нь ухаан алдуулах, өвчтөнийг гэнэтийн үхэлд хүргэх аюултай өвчин юм.
Тосгуур ба ховдлын уулзвараас эхэлдэг тахикарди нь ховдлын тахикарди шиг аюултай биш боловч өвчтөнд эрсдэл учруулж болзошгүй юм. Бусад хэм алдагдалтай харьцуулбал цээж дэлсэх, цээжээр таагүй оргих шинж тэмдгүүд илт мэдрэгддэг. Нимгэн цахилгаан утсыг гуяны венийн судас, хүзүүний венийн судас эсвэл эгэмний ойролцоо судасны хөндийгөөр зүрхэнд залгаж, цахилгаан дохио үүсгэх эсвэл дохио дамжуулах гажиг байгаа эсэхийг тогтоох шинжилгээ хийж, хэм алдагдлын нарийвчилсан электрофизиологийн шинжилгээгээр дамжуулан оношилж, радио давтамж арилгах эмчилгээ хийдэг.
Заримдаа хэм алдагдалтай боловч яаралтай эмчилгээ хийх шаардлагагүй тохиолдол ч байдаг. Ховдлын тахикардиас ялгаатай нь зүрхний хэвийн үйл ажиллагаа, бүтцэд тохиолддог тосгуурын ба ховдлын эрт агшилт зэрэг амь насанд эрсдэл багатай хэм алдагдал нь эмчилгээ шаарддаггүй . Гэсэн хэдий ч эмчилгээг хийх, эсвэл зөвхөн энгийн тогтмол ажиглалт явуулах эсэхийг мэргэжлийн эмч шийдэх болно.

Q3. Өдөр тутам барих ёстой гам эсвэл хориглох зүйл юу вэ?

Хэм алдагдалтай хүмүүс архи хэтрүүлэн уух, хэт их ажиллах, хэт их хооллох, хэт таргалалтаас зайлсхийх хэрэгтэй. Согтууруулах ундаа, тамхиа багасгаж, хэн хүнд дасгал хөдөлгөөн хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй, ялангуяа даралт ихсэх, чихрийн шижин өвчтэй бол даралт, цусан дахь сахараа хянах нь маш чухал юм. Нэмж дурдахад хэт таргалалт, нойрны апноэ, хурхиралт нь зүрхний өвчинтэй холбоотой байдаг тул хэм алдагдлын эмчилгээ хийсний дараа ч дахих магадлал өндөр байдаг тул жин хасах, эерэг даралтын төхөөрөмж (нойрны апноэ эмчилдэг төхөөрөмж) ашиглах зэрэг нь тустай.
Нэмж дурдахад автономит мэдрэлийн систем ба зүрхний үйл ажиллагаа хоорондоо уялдаатай учраас уур уцаартай, уураа барьж чаддаггүй хүн хэм алдагдалд өртөх магадлал өндөр тул хувийн ааш зангаа засаж уурлахгүй тайван байх хэрэгтэй.
Хамгийн гол нь хэм алдагдалтай сэжиглэж байгаа бол судасны цохилтоо өөрөө хэмжихийг зөвлөж байна. Мөн эмнэлэгт хандан 24 цагийн электрокардиограммын шинжилгээ, дасгалын ачааллын тест хийлгэж нэг өдрийн судасны цохилтын өөрчлөлтөө шалгаж болно. Гэсэн хэдий ч хэм алдагдал нь өвчтөний нөхцөл байдлаас шалтгаалан илэрч эсвэл далд хэлбэрээр илэрч болзошгүй тул ганц шинжилгээгээр өвчний хүнд хөнгөнийг тодорхойлох нь маш хэцүү байдаг.
Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлсний дараа тусгай арга хэмжээ авах шаардлагагүй хэм алдагдал гэж үзвэл жилд нэг удаа электрокардиограмм тогтмол хийлгэхийг зөвлөж байна. Ялангуяа зүрхний гэнэтийн үхлийн үед алтан цаг болох эхний 3 минутын эмчилгээ хамгийн чухал юм. Гэр бүлд тань зүрхний хэм алдагдалтай хүн байдаг бол яаралтай тохиолдолд зүрхний массаж хийх аргыг заавал сураарай гэж зөвлөмөөр байна.

Other Article