Корона 19 –ийн өндөр эрсдэлтэй бүлэг “Чихрийн шижин”-ийн талаар өрөөсгөл ойлголт ба бодит үнэн Дэжон Илжи их сургуулийн эмнэлгийн эндокринологийн тэнхимийн профессор Хун Жүн Хуа

Корона19-ийн нас баралттай хамт хамгийн ихээр дурдагдсан үг бол “суурь өвчин” юм. Учир нь нас баралтын дийлэнх нь суурь өвчтэй болох нь тогтоогдсон байдаг. Коронагаар нас барсан хүн дунджаар гурван төрлийн суурь өвчтэй байсан бол нас барсан гурван хүн тутмын хоёр нь даралттай, тал хувь нь чихрийн шижинтэй байжээ.
Үүнтэй холбоотойгоор чихрийн шижингийн талаар хүмүүс их сонирхож байна. Цусны даралт ихсэх өвчний хувьд төрийн байгууллагууд болон санхүүгийн байгууллагуудад цусны даралтыг хэмжих олон төхөөрөмжүүд байдаг бөгөөд 140/90 ба түүнээс дээш бол даралт ихтэй гэж үздэг хэмжигдэхүүн байдаг бол чихрийн шижин өвчнийг зөвхөн цус, шээсний шинжилгээгээр шалгаж болно. Чихрийн шижин өвчний үед олон хүн сахар, чихэр их иддэгтэй холбоотой гэж боддог.

Дэжон Илжи их сургуулийн эмнэлгийн Эндокринологийн тэнхимийн профессор Хун Жүн Хуа-аас чихрийн шижингийн талаарх өрөөсгөл ойлголт болон бодит үнэнийг тодруулах гэж байна.

Q1. Чихрийн шижин өвчин чихэр, сахарыг их идсэний улмаас үүсдэг үү?

Олон хүмүүс чихэр ихтэй эсвэл чихэрлэг хоол идсэнээр чихрийн шижин өвчнийг өдөөж болно гэж буруугаар итгэдэг боловч чихэрлэг хоол нь чихрийн шижин өвчний шууд шалтгаан биш юм.
Глюкоз буюу цусан дахь сахар бол хүнд хэрэгтэй хамгийн чухал элемент юм. Глюкоз нь хоол хүнсээр цусанд дамжиж хүний амь чухал булчин, өөх тос, тархи зэрэг эрхтнүүдэд илгээгддэг бөгөөд энэ үед инсулин нь дааврын хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ чихрийн шижин нь инсулины хариу үйлдэл буурах эсвэл хангалтгүй байх үед тохиолддог.
Иймээс цусан дахь сахар бол бидний дайсан биш, зайлшгүй шаардлагатай энерги юм. Шаардлагатай хэмжээгээр зохистой хэрэглэх нь чихрийн шижингийн эмчилгээний үндэс юм. Чихрийн шижин өвчний эмчилгээ гэдэг нь цусан дахь сахарын хэмжээг хянаж хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг хэлнэ.

Q2. Чихрийн шижин үе дамждаг уу?

Эцэг эх нь чихрийн шижинтэй гээд хүүхдүүд нь ч бас чихрийн шижинтэй болно гэсэн үг биш юм. Хэрэв эцэг эхийн аль нэг нь чихрийн шижин өвчтэй бол хүүхдэд чихрийн шижин үүсэх магадлал 15%, хэрэв эцэг эх хоёулаа чихрийн шижин өвчтэй бол магадлал 30% байна. Өөрөөр хэлбэл, удамшлын хандлага байдаг боловч арьсны өнгө шиг үеэс үе дамждаг удамшлын өвчин биш юм. Гэсэн хэдий ч чихрийн шижин өвчтэй гэр бүлийн гишүүн байвал илүү анхаарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах хэрэгтэй.

Q3. Туранхай хүн чихрийн шижин өвчтэй болдог уу?

Таргалалт нь чихрийн шижин өвчний чухал шалтгаан болдог нь үнэн. Гэсэн хэдий ч чихрийн шижин өвчний тархалт нь таргалалтаас үл хамааран барууны орнуудын хоолны дэглэм, өндөр тэжээллэгтэй хүсний хэрэглээнээс үүдэн эдийн засаг нь хурдацтай өсөж буй Азийн орнуудад огцом нэмэгдэж байна. Учир нь Солонгосчууд бие онцлогийн хувьд барууныхнаас бага инсулин ялгаруулдаг болохоор илүүдэл шим тэжээлийг боловсруулж чадахгүйд хүрч чихрийн шижин их үүсэж байна.

Q4. Чихрийн шижин өвчтэй хүмүүс зөвхөн холимог будаа идэх ёстой юу?

Энэ бол хамгийн нийтлэг буруу ойлголтын нэг юм. Үнэндээ цагаан будаа, арвайн ч юмуу эсвэл хөц будаа ч бай ходоодонд орж боловсруулагдсаны дараа илчлэг, үйлчилгээнд нь төдийлөн ялгаа гарахгүй. Гэхдээ хэтрүүлэн идэхээ багасгаж, эслэг ихтэй, бага зэрэг витамин агуулдаг тул цагаан будааг бодвол холимог будаагаар хооллохыг зөвлөж байна. Хэрэв та арвайн будаанд дургүй бол хүчээр идэх албагүй, цагаан будааг тохирсон хэмжээгээр хэрэглэх нь дээр.

Q5. Сахар огт идэж болохгүй юу?

Зарим хүмүүс чихрийн шижинтэй хүмүүс хэзээ ч сахартай, чихэрлэг зүйл идэж болохгүй гэж хэлдэг ч энэ нь бас ташаа ойлголт юм. Элсэн чихэр, сахар нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг, гэхдээ та үүнийг идэж болохгүй гэсэн үг биш юм. Өдөрт хоол хүнсэндээ агуулагдах чихрийн хэмжээг тохируулснаар та элсэн чихрийг аюулгүй хэрэглэж болно.
Харин эсрэгээрээ чихрийн шижин өвчтэй хүмүүст хориотой хоол хүнс бол өөх тос ихтэй хавирга, гахайн мах, хиам юм. Эдгээр нь хэмжээнээс илүү өндөр илчлэгтэй байдагтай холбоотой юм.

Q6. Хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй уу?

Гэртээ өөрийн цусан дахь глюкоз хэмжигч ашиглан цусны сахараа хэмжээд болж байвал эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж бодож болох ч өөрийн цусан дахь глюкоз хэмжигчээр хэмжсэн цусан дахь сахарын хэмжээ бодит түвшнээс доогуур байж магадгүй юм. Та эмнэлэгт цусны глюкозын шинжилгээ хийлгэж, өөрийн цусан дахь глюкозын хэмжилтийн үр дүн зөв эсэхийг шалгахын тулд тогтмол харьцуулж байх хэрэгтэйгээс гадна, цусан дахь сахарын хэмжээгээ сайн хянаж буй эсэхээ мэдэхийн тулд өөрийн глюкозижсон гемоглобинийг мөн хэмжих хэрэгтэй.

Q7. Хэрэв чихрийн шижин эмийг нэг ууж эхэлвэл насан туршдаа уух хэрэгтэй болдог уу?

Зарим хүмүүс эмийг нэг уугаад эхэлчихвэл тасалж болохгүй, эмийн гаж нөлөөтэй болох вий гэсэн болгоомжлолоос болж эм уухаас татгалздаг. Эм хэрэглээд эхэлчихвэл үнэхээр тасалж болохгүй насан туршдаа уух хэрэгтэй юу? Тийм биш. Зөв эмчилгээ хийснээр эм уухаа больсон ч гэсэн цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгах боломжтой. Хэрэв эмийн гаж нөлөө 1 бол цусан дахь сахарын хэмжээг хянах нь 10-ийн ач тустай гэдгийг санах нь зүйтэй.

Q8. Чихрийн шижинтэй хүн дасгал хийх ёсгүй юу?

Дасгал нь цусан дахь сахарын хэмжээг хянаж, хүндрэлийн эрсдэлийг бууруулж, жингээ барихад тусалдаг. Гэсэн хэдий ч чихрийн шижинтэй өвчтөн хэт их дасгал хийвэл гипогликеми зэрэг эрсдэлт хүчин зүйл гарч ирж болно. Тиймээс дасгалын төрөл, эрч хүч, давтамжийг мэргэжилтний санал зөвлөмжийг харгалзан, хувь хүний эрүүл мэндийн байдал зэргээс хамааруулан тохируулах хэрэгтэй.

Other Article