Гадаадын өвчтөнүүдэд зориулсан өндөр чанартай эмчилгээний тогтолцоог бий болгож, үйлчилгээгээрээ тэргүүлдэг Чүннам улсын их сургуулийн эмнэлгийн олон улсын эрүүл мэндийн төвийн дарга Гу Ён Гвонтой уулзав

Дэжон дахь дээд түвшний цорын ганц эмнэлгийн хувьд Чүннамын улсын их сургуулийн эмнэлэг нь төрөлжсөн нарийн мэргэжлийн өвчин судлалын төв, өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээгээрээ гадаадын өвчтөнүүдийг Дэжон руу олноор нь татахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Энэхүү 12-р сарын дугаараа гадаадын өвчтөнүүдийн дунд Дэжоны брэндийг өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэж буй Чүннам улсын их сургуулийн эмнэлгийн олон улсын эрүүл мэндийн төвийн дарга Гу Ён Гвонтой уулзаж ярилцлага хийлээ.

Q1. Чүннам улсын их сургуулийн эмнэлгийн талаар бидэнд танилцуулж болох уу?

Чүннам улсын их сургуулийн эмнэлэг нь БНСУ-ын төв бөгөөд улс орны томоохон хотуудыг холбосон тээврийн зангилаа бүс гэж хэлж болох Дэжон хотод байрладаг. Чүннам улсын их сургуулийн эмнэлэг нь 1972 онд төвийн бүсийн боловсрол сургалтын анхны эмнэлгээс гараагаа эхэлсэн. Чуннам үндэсний их сургуулийн эмнэлэг нь Дэжон, Чүнчон бүсийн хамгийн том гуравдугаар зэрэглэлийн нэгдсэн эмнэлэг бөгөөд 31 тасаг, төрөл бүрийн лаборатори, төрөлжсөн төвүүдэд нарийн мэргэжлийн эмчилгээ хийдэг. Манай эмнэлэг хүнд өвчний нарийн мэргэжлийн 257 эмч, 3,000 гаруй эмч мэргэжилтэнтэй. Бид өдөрт дунджаар 4,000 өвчтнийг амбулаториор үзэж, 1,200 өвчтөнийг хэвтүүлэн эмчилж, жилд 20,000 мэс засал хийж эрүүл мэндийн хамгийн шилдэг эмчилгээ үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, бид өвчтөнүүдийн тав тухыг хангаж илүү тухтай үйлчилгээг үзүүлэхийн тулд салбар бүрийн нарийн мэргэжилтнүүдийг авч ажиллуулахын зэрэгцээ орчин үеийн эмчилгээний тоног төхөөрөмжөөр эмнэлгээ бүрэн тоноглосон бөгөөд гадаадаас ирж буй өвчтөнүүдэд зориулж улс орон бүрт тохирсон эмчилгээ үйлчилгээг ч мөн үзүүлж байна. Бид өндөр зэрэглэлийн эмнэлгийн технологи, шилдэг эмнэлгийн үйлчилгээгээр дамжуулан дэлхийн жишигт хүрсэн эмнэлэг болж өсөн дэвшихийн тулд U-HOSPITAL хэмээх орчин үеийн эмнэлгийн утастай, утасгүй сүлжээний мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэн ашиглаж байгаа.

Q2. Гадаадын өвчтөнүүдэд зориулсан Олон улсын эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдлын талаар танилцуулна уу.

Чүннам улсын их сургуулийн эмнэлгийн олон улсын эрүүл мэндийн төв нь Солонгос улсад амьдарч буй гадаадын иргэд болон гадаад иргэдэд хэл, соёл, харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаа бөгөөд ингэснээр оновчтой эмчилгээг саадгүй хийх боломжтой юм. Манай төвд Англи, Хятад хэлтэй ажилтнууд байнга ажиллаж, эмчилгээний явцад орчуулгын үйлчилгээ үзүүлж, Солонгос хэлгүй гадаадын өвчтөнүүдэд түргэн, тохь тухтай эмнэлгийн үйлчилгээ авахад нь тусалдаг. Эмнэлэгт янз бүрийн улс орны өвчтөнүүд ирэх нь ихэсч байгаа бөгөөд бид удаан хугацаагаар ирж үйлчлүүлэгчид болон амбулаторийн яаралтай эмчилгээ, төрөл бүрийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, эмнэлэгт хэвтэх шаардлагатай өвчтөнүүдэд зориулсан төрөл бүрийн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг. Хэдэн жилийн өмнөөс Олон улсын эрүүл мэндийн төвийн дарга, хариуцсан ажилтнууд Орос, Хятад өвчтнүүдийг татах, тэдэнд эмнэлгээ сурталчлах зорилгоор тухайн улсуудад биеэр очиж маркетинг сурталчилгааны ажлыг хийдэг болсон.

Q3. Чүннам улсын их сургуулийн эмнэлгийн олон улсын эрүүл мэндийн төвийн ялгаатай үйлчилгээ, давуу тал юу вэ?

Чүннам улсын их сургуулийн эмнэлэгт жил бүр ирдэг гадаадын өвчтөнүүдийн тоо 5,000 орчим байдаг. Хятад, АНУ, Вьетнам, Тайланд, Монгол зэрэг орнуудаас ихээр ирдэг учраас шашин, соёлын хувьд мэдэгдэхүйц ялгаа байдаг. Энэ мэтээр эмнэлгийн систем, анагаах ухааны нэр томъёо, эрүүл мэндийн тогтолцоо нь улс орон бүрт өөр өөр байдаг тул тэдгээрийн олон янзын хэрэгцээг хангаж, тэдгээрийн талаарх үндсэн ойлголтыг нэн тэргүүнд тавих шаардлагатай болдог. Чүннам улсын их сургуулийн Олон улсын эрүүл мэндийн төв нь гадаад өвчтөнүүдийг Солонгост ирэхээс нь өмнө урьдчилан зөвлөгөө өгч, өвчтөнүүдийн тухайн орны анхан шатны өвчний онош дээр тулгуурласан хувийн эмчилгээний хөтөлбөрийг санал болгодгоороо онцлог. Манай эмнэлэгт эмчлүүлж, эх орон руугаа буцсан өвчтөнүүддээ байнгийн тусламж үзүүлэх зорилгоор “эмчилгээний дараах хяналтын менежментийн систем” –ийг үүсгэн бий болгож, ажиллуулж байна.

Q4. Саяхан Чүннам улсын их сургуулийн салбарыг Дэжон хотын ойролцоох Сэжун хотод барьж, хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн гэж сонссон, та талаар тодруулж өгөхгүй юу?

Сэжуны Чүннан улсын их сургуулийн эмнэлгийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийн дотроос хамгийн онцолж хэлмээр байгаа тоног төхөөрөмж бол 'View Ray MRIdian 'юм. Энэ бол цацраг туяа ашигладаг хорт хавдрын эмчилгээнд MRI аргыг хослуулсан төхөөрөмж бөгөөд зөвхөн хорт хавдрын эсүүдэд цацрагийг нарийвчлалтай тусгаж, хорт хавдрын эмчилгээний үр нөлөөг дээд зэргээр нэмэгдүүлж, сөрөг нөлөөг хамгийн бага түвшинд байлгах боломжтой юм. Хавдрын байрлал өвчтөний амьсгалах зэргээс хамаарч өөрчлөгдсөн ч гэсэн хөдөлгөөнийг бодит цаг хугацаанд хянаж цацраг туяаны эмчилгээ хийдэг. Энэ нь 12 тэрбум нэгж үнэтэй тоног төхөөрөмж бөгөөд Азид нэвтрүүлсэн тав дахь тоног төхөөрөмж учраас орон даяар ихээхэн эрэлттэй байгаа. Үүнээс гадна CT / MRI / хэт авиан гэх мэт хамгийн сүүлийн үеийн, хамгийн өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн ашиглаж байна. Робот мэс заслын төхөөрөмжийг ажиллуулахаас гадна, эрчимт эмчилгээний тасгийг өвчтөний тусгаарлалтыг хангах үүднээс нэг хүний тусгаарлах өрөө болгон тохижуулсан бөгөөд халдварын хяналтанд хамгийн оновчтой байдлаар шийдэж өгсөн.

Q5. Олон улсын эрүүл мэндийн төвийн гадаадын өвчтөнүүдийг татах төлөвлөгөөний талаар танилцуулахгүй юу?

Гадаадын өвчтөнүүдийг ихээр татах зорилгоор 2019 онд Эрүүл мэндийн салбарыг дэмжих агентлаг болон Дэжон хотын захиргаанаас удирдан зохион байгуулсан зорилтот орнуудын хамтарсан род шоу арга хэмжээ, гадаадад зохион байгуулагддаг өргөн цар хүрээтэй зөвлөгөөний бага хуралд оролцож, гадаадын шинэ агентлагуудтай гэрээ байгуулж байна. Саяхан дэгдсэн Корона-19 тархалтын улмаас гадаадын өвчтөнүүд ирэх нь багасаж хүндрэл үүсэж байгаа хэдий ч цаг үеийн шинэ хандлагад нийцүүлэн Корона-19-ийн бэрхшээлийг даван туулахын тулд SNS, YouTube зэрэг олон нийтийн онлайн мэдээллийн хэрэгслээр дамжуулан бид олон орны хэл дээр сурталчилгааны видео бичлэг хийж гаргахаар төлөвлөж байна. Мөн бид Дэжон хотод амьдардаг гадаад оюутнууд, олон соёлт гэр бүлүүд, Дэдогийн тусгай бүсэд ирсэн солилцооны судлаачдад зориулсан сурталчилгааг явуулж байгаа.

Q6. Гадаад өвчтөнүүдтэй харилцаж байх үед таны сэтгэлд үлдсэн гүн дурсамж бий юу?

Өнгөрсөн жил Чүннамын улсын их сургуулийн эмнэлэг эрүүл мэндийн нөхцөл байдал дорой Камбож улсын 3 хүүхдийг урьж, үнэ төлбөргүй эмчилгээ, мэс засал хийсэн. Өвчтөнүүд ховдлын таславчийн гажиг, артериозийн эмгэг, зүрхний төрөлхийн тосгуурын таславчийн гажиг гэсэн оноштой байсан ч зохих эмчилгээ хийлгээгүй байсан бөгөөд 12-р сард Солонгос улсад эмчлүүлэхээр ирсэн юм. Эдгээр өвчтөнүүд бүгд амжилттай эмчилгээ хийлгээд гэртээ буцацгаасан. Асран хамгаалагчид нь “Мэс засал, мэс ажилбар хийх боломж олгосон Чүннам улсын их сургуулийн эмнэлэгт баярлалаа, мэс заслын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст баярлалаа” гэж хэлэхийг сонсоод үнэхээр их сэтгэл хөдөлж байсан.

Q7. Гадаад өвчтөнүүд Чүннам улсын их сургуулийн эмнэлгийг сонгох ёстой гурван шалтгааныг нэрлэвэл?

Нэгдүгээрт, бид гадаад өвчтөнүүдэд тохирсон лайп менежментийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр олон талт хавдрын баг байгуулан ажиллаж байна. Нийт 9 хорт хавдартай холбоотой зөвлөлдөх эмчилгээний баг ажиллуулж байгаа бөгөөд эмчилгээний явцад илэрсэн хавдарыг тухайн өдөр нь шинжилгээнээс эхлээд эмчилгээ хийх хүртэл нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг.
Хоёрдугаарт, гадаадын хорт хавдартай өвчтөнүүдийн итгэж, ашиглаж болохуйц байгууламж, өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээг бэлтгэж байна. Манай эмнэлэг нь хорт хавдрын төрөлжсөн эмнэлгийн дэд бүтэцтэй бөгөөд хорт хавдартай өвчтөнүүдэд зориулсан 182 хэвтэн эмчлүүлэх ортой. Мөн хорт хавдартай холбоотой төрөлжсөн эмчилгээ, хавдрын скрининг хийх зориулалтын байгууламжтай.
Гуравдугаарт, Чүннам улсын их сургуулийн эмнэлэг нь төрөлжсөн нарийн мэргэжлийн технологи, анагаах ухааны өндөр стандартад нийцсэн тул өндөр түвшний найдвартай эмчилгээ хийлгэх бүрэн боломжтой. Хүнд өвчтэй өвчтөнүүдийн нас баралт багатай нэгдсэн эмнэлэгээр шалгарсан эмнэлгийн хувьд гадаад өвчтөнүүдийг эмчлэх чадвартай дээд зэргийн нэгдсэн эмнэлэг гэж хэлж болно. Гадаадын олон өвчтөнүүдийг хүлээн авахад манайх хэзээд бэлэн гэж хэлмээр байна.

Other Article