Тэжон хотын өнгөрсөн, одоо, ирээдүйн цагаар аялах боломжтой Тэжон 0 цагийн наадам 8 сарын 9-ний өдрөөс 17-н хүртэл Тэжон галт тэрэгний буудлаас хуучин Чүннам мужийн алба хүртэлх 1км хэсэг газар болон ойролцоох хотын төвд зохион байгуулагдлаа. Тус наадам өдөр бүр 14.00 цагаас 12.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд улс орны өнцөг булан бүрээс олон жуулчид ирсэн.
“Унтдаггүй Тэжон хот, хэзээ ч дуусашгүй хөгжил” урианы дор тус наадмын талбай нь Тэжон хотын өнгөрсөн, одоо, ирээдүйд цаг хугацаагаар аялах сэдэвтэй цаг үе бүрийн онцлогтой контентыг танилцуулсан. Өнгөрсөн бүс нь Солонгосын дайны үеэр Тэжон руу ирж байсан нэг сая дүрвэгсдийн амьдралыг харуулах зорилготой юм. 1905 онд Тэжон галт тэрэгний буудал анх үүсэж, өнөө үед хөгжиж цэцэлсэн Тэжон хотын өнгөрсөн дүр төрхийг галт тэрэгний олон шоу, дуугүй кино, ретро инээдмийн шоу, эстрад дуу гэх мэт олон янзын үзүүлбэрээр харсан. Одоогийн бүс нь гудамжны тоглолт, К-поп тоглолт гэх мэт соёл урлагийн тоглолтууд сэтгэл догдлуулж байсан ба гудамжийг дүүргэсэн томоохон хэмжээний гудамжны парад ч жуулчдын анхаарлыг татав. Ирээдүйн бүс нь “шинжлэх ухааны Тэжон хот”-ийн дүр төрхийг харуулж байсан. Шинжлэх ухаан, техник технологийн үзэсгэлэн, туршлагын үйл ажиллагаа болон Тэжон хотын дэвшилтэт шинжлэх ухаан технологиос гадна хиймэл оюун ухаан (AI), виртуал бодит байдал (VR), 3D, роботын технологийг ашиглан сонирхолтой шинжлэх ухааны дадлага, туршлага хийх боломжийг олгосон.
Тэжон хотын 0 цагийн наадам нь cоёл, аялал жуулчлал, спортын яамнаас шалгаруулсан 2023-2024 оны “К-Соёлын 100 арга хэмжээ”, “БНСУ-ын Бамбамгуггуг 100”-д сонгогдож фестивалийн хувьд цаашдаа хөгжиж дэвших өндөр боломжтой гэж үнэлэгдсэн. Энэ нь Тэжон хотын өнгөрсөн, одоо, ирээдүйг холбосон Тэжон хотыг төлөөлөх наадам болж байна.