Алхах зуршлууд, хэрхэн эрүүл алхах вэ?

Хүн бүр өөр өөрийн царай, бие галбир, зан араншинтай байдаг шиг алхаа нь ч өөр байдаг. Харин алхалтын хувьд хувь хүний онцлогийг тооцохоос илүүтэй эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал учраас нэг удаа ч болов зөв алхдаг эсэхээ шалгах шаардлагатай. Учир нь буруу алхах зуршил нь мөр, нуруу, хөл зэрэгт сөргөөр нөлөөлдөг.

Q1. Алхаагаа хэрхэн засах вэ?

Гутлаа чирч алхдаг зуршилтай хүмүүс байдаг. Энэ нь паркинсоны өвчин гэх мэт хөдөлгөөнөө хянахад бэрхшээлтэй өвчтөнүүдэд ихэвчлэн ажиглагддаг алхалтын хэв маяг боловч энгийн хүмүүсийн дунд хэвлийн таргалалт буюу гүзээтэй бөгөөд ташааны булчин султай хүмүүст мөн ажиглагддаг. Түүнээс гадна хэвлийн булчин султай залуу эмэгтэйчүүдийн дунд ч гутлаа чирч алхдаг хүмүүс байдаг. Хэрэв ийм зуршилтай бол эрүүгээ дээш өргөөд 30 метрийн урагшаа харж, хөлөө сунгахдаа өсгий дээрээ түрүүлж буухыг хичээгээрэй. Хэвлийн таргалалттай тэмцэх нь мэдээжийн хэрэг бас чухал юм.

Биеийн дээд хэсгийг арагшаа барин гэдийн алхаж, загвар өмсөгч шиг хөлөө зөрүүлэн алхдаг хүмүүс хүндийн төв нь хойш суусан байдаг тул ер нь тогтворгүй алхдаг. Алхсаны дараа мөр хөшсөн мэт санагддаг. Нуруу нь муруй харагддаг бөгөөд зөвхөн нэг мөрөндөө цүнх үүрдэг хүмүүст ихэвчлэн ажиглагддаг. Хэрэв энэ төрлийн алхаатай бол хэвлийн доод хэсгийг зөөлөн дарж биеийн шугамыг шулуун болгох хэрэгтэй. Хоёр өвдөгний хоорондоо бага зэрэг зайтай алхахыг зөвлөж байна.

Оцон шувуу шиг нааш цааш найгаж алхдаг хүмүүс байдаг. Гудамжинд явж байхдаа бусад хүмүүстэй мөргөлдөх тохиолдолд их гардаг бол та ийм төрөлд орно. Энэ төрлийн хүмүүсийн эрүү нь ихэвчлэн дээш өргөгдсөн байдаг тул эрүүгээ эгцлэн харж, цээжээ тэнийлгэн алхах нь чухал.

Q2. Буруу алхах зуршлууд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

Буруу алхах нь сонин харагдахаас гадна илүү их энерги зарцуулдаг тул биеийг амархан ядраадаг. Түүнчлэн ийм байрлалаар алхсаар байвал шагай, өвдөгний үе, гуяны үе, аарцагны эмгэг, нугасны өвчлөл зэрэг өөрчлөлт, өвчлөлийг үүсгэдэг. Иймд хэвийн бус алхалтын шалтгааныг эрт илрүүлж, засах буюу нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Өндөр өсгийтэй гутал өмсөх дуртай, хавтгай хөлтэй эсвэл хөлийн ясны гажигтай эмэгтэйчүүд алхалтдаа онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь өсгийтэй гутал их өмсдөг эмэгтэйчүүд зогсох, алхах үед биеийн жин нь урагш болон дотогшоогоо төвлөрдөг бөгөөд хавтгай хөлтэй эсвэл хөлийн ясны гажигтай эмэгтэйчүүдийн хувьд энэ нь улам хүндэрч хөлийн хурууд ялангуяа хөлийн эрхий хурууг гэмтээж өвтгөдөг. Энэ тохиолдолд өндөр өсгийтэй гутал өмсөхөө багасгаж, сунгалт сайн хийж, алхаагаа засвал шинж тэмдэг нь аяндаа зүгээр болно.

Мөн нуруугаа хойш хазайлгаж, хөлөө гадагш тавин алхдаг хүмүүсийн хувьд нурууны үе үрэвсэх, нугасны суваг нарийсаж, нурууны доод хэсгээр өвдөх зэрэг шинж тэмдэг ажиглагдах нь элбэг. Түүнчлэн, хоёр хөлний уртын өөрчлөлтгүй ч алхах үед баруун, зүүн тэгш хэмээ алддаг синдромоор эмнэлэгт хандах тохиолдлууд ажиглагддаг.

Алхах үед өрөөсөн хөл их чимээ гаргах, гутлын нэг өрөөсөн нь дандаа түрүүлж элэгдэх, эсвэл гутлын хойд юм уу гадна талын өсгий нь түрүүлж элэгддэг бол танд илт мэдрэгдэх алхааны ямар нэгэн гажиг байхгүй ч мэргэжилтэнд хандахыг зөвлөж байна.

Q3. Хэрхэн зөв алхах вэ?

'Алхах' нь өөрөө маш хялбар мэт боловч доод мөчдийн бүх булчин, үе мөчид нэгдэн хөдөлж, биеийн төвийг нэгэн зэрэг хөдөлгөдөг нарийн төвөгтэй үйл явц юм. Тиймээс зөв байрлалтай алхах нь маш чухал.

Зөв алхалт гэдэг нь хажуу тийшээ эсвэл дээш доошоо хөдөлгөөн нь чөлөөтэй байх ёстой бөгөөд хол зайд алхсан ч хөлийн ул их өвдөх ёсгүй. Мөн алхаж байхдаа өсгий дээрээ түрүүлэн бууж, хөлийн төв хэсэг (гадна ирмэг), хуруу гэсэн үндсэн дарааллаар алхах нь зүйтэй.

Мөн бие, цээж, нуруу, мөрөө тэгшлэх нь чухал юм. Урагшаа цэх харж эрүүгээ татах маягтай байх ёстой бөгөөд гараа L эсвэл V хэлбэртэй болгож, урд талын булчингуудыг хэт чангалахгүйн тулд нааш цааш чөлөөтэй хөдөлгөн алхах хэрэгтэй.

Ер нь хамгийн тогтвортой алхалтын урт бол өндрөөсөө 100 см-ийг хассан хэмжээ бөгөөд алхалтын үр ашигийг нэмэгдүүлэхийг хүсвэл биеийн хүч чадалдаа тохируулан хурдыг тохируулах нь зүйтэй.

Эх сурвалж | Дэжоны Илжи их сургуулийн эмнэлэг Им Жун Ёб профессор

Other Article