100 жилийн түүхтэй гудамжууд
Дэжоны анхны хотын аялал
Хурдан хөгжил дэвшил, зогсолтгүй өрсөлдөөн дунд хуучин зүйлс аяндаа мартагддаг. Учир нь бид илүү сайн зүйл, сайхан зүйлийн төлөө хөгжлийг эрхэмлэдэг. Дэжон хот ч мөн үүнтэй адил. “Шинжлэх ухааны хот” болсноор хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт шинжлэх ухаан, технологи хүмүүсийн анхаарлыг татаж, Дэжон хотын түүх хүмүүсийн сонирхлыг татахаа больсон. Хотын хөгжил, хайхрамжгүй байдлын дунд нэгэн цагт хотын төв байсан Дэжон вокзалыг зорих хүмүүсийн цуваа аажмаар тасарч байгаад саяхнаас л хуучин түүхүүдийг сэргээх, Дэжон хотыг түүх, соёл, урлагаар баяжуулах оролдлого хийгдэж байна.
100 жилийн түүхтэй Сужэ-дун
Дэжон хотын түүх төмөр замтай гүн гүнзгий холбоотой. 1905 онд Гёнбүгийн төмөр зам тавигдаж эхлэхэд Дэжон өртөөний орчимд төмөр замын инженерүүдэд зориулсан төмөр замын хотхон бий болсон юм. Анх гурван тосгон байсан ч ихэнх нь Солонгосын дайны үеэр бөмбөгдөлтөд өртөж сүйрсэн бөгөөд Сужэ-дун л ганцаар үлдсэн. Сужэ-дун Японы колоничлолын үед 'Сужэху' хэмээх том нуурыг ширгээж байгуулсан учраас ийнхүү нэрлэжээ. 1940-1950-иад онд баригдсан модон барилгуудаас бүрдсэн өвөрмөц хийц нь таны анхаарлыг татах болно. Хотын өндөр бетонон барилгуудтай харьцуулахад намхан бөгөөд олон жил болсон хашаа, тоосгон зам, зам дагуух суваг шуудуу, модон багана зэрэг нь Дэжон хотын түүхийн дурсгал, соёлын өв юм. Нэгэн цагт эл хул, буурай хороолол байсан бол одоо олон зочдын хөлд дарагдсан түүхийн дурсгалт газар болсон.
Сужэ-дунд 40 орчим төмөр замын байр байдаг. Тэдгээрийн дотроос 16-р төмөр замын тосгон нь төмөр замын хотуудын дунд архитектур, орон зайн шинж чанар нь хамгийн сайн хадгалагдан үлдсэн гэдгээрээ түүхийн дурсгалтай. Урьд нь Солонгосын төмөр замын газрын ажилтны гэр бүл амьдардаг газар байсан бөгөөд татамигийн өрөө, ариун цэврийн өрөө нь тэр чигээрээ хадгалагдан үлджээ. Одоо соёлын цогц орон зай болон хувирч, залуу уран бүтээлчдийн янз бүрийн үзэсгэлэнг үзэх боломжтой газар болон дахин төрсөн. Төмөр замын 16 дугаар байрны урд байрлах асарт роботын чанасан кофег амтлах жижиг кафе бий. Хуучин байшингууд болон хамгийн сүүлийн үеийн робот технологиудын хосолсон орон зай нь өнгөрсөн ба одоо үе зэрэгцэн орших Сужэ-дуны дүр төрх гэлтэй.
Дэжоны талхыг нэг дороос амтлах боломжтой Дэжоны талхны баяр
Дэжон вокзалын урд талын замын төгсгөлд Дэжон хотын орчин үеийн түүхийн үзэсгэлэнгийн танхим байдаг бөгөөд тэндээс Дэжон хотын 100 жилийн түүхийг нэг дор харж болно. 1932 онд баригдсан орчин үеийн төлөөлөл болсон барилга болохын хувьд нэгэн цагт Чуннам мужийн засаг захиргааны Тамгын газрын зориулалтаар ашиглагдаж байсан бөгөөд одоог хүртэл анхны хэлбэр нь хадгалагдан үлдэж, чухал үйл явдал, түүхийн амьд гэрч болсон үзэсгэлэнгийн танхим хэлбэрээр ашиглагдаж байна.
Орчин үеийн түүхийн музейн эргэн тойронд Дэжон хотод л болдог өвөрмөц фестиваль болдог. Солонгосын 6-сарын 25ны дайны дараа АНУ-аас улаан буудайг тусламжийн хүнс болгон нийлүүлэх үед төмөр замын тээврийн төв байсан Дэжон хот улаан буудай түгээх бааз болсон нь мэдээж. Дэжон вокзалын эргэн тойронд гурилын үйлдвэрүүд байгуулагдсанаар харьцангуй амархан олдоцтой байсан улаан буудайн гурилаар хийсэн хоол нь Дэжон хотын төлөөлөл хоол хүнс болж хөгжсөн. Одоо ч гэсэн бусад хотуудаас илүү амттай гурилтай шөл, нарийн боовны газрууд байдаг.
Дэжон хотын аялал жуулчлалын байгууллага гурилтай холбоотой Дэжон хотын түүхийг өгүүлэх “Дэжон талхны баяр”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд анхны баярыг 2021 оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан. Баяраар зөвхөн Дэжоны талхыг нэг дор амтлаад зогсохгүй К-поп концерт, талх нарийн боовны уралдаан, күки хийх хичээл, алдартай YouTube-чидтэй хийсэн могбангийн тулаан зэрэг янз бүрийн сонирхол татахуйц хөтөлбөрүүд зохион байгуулагддаг. Үүгээрээ ч оролцох хүсэлтэй зочдоор дүүрэн алдартай баяр болсон. Энэ жил Дэжон хотын орчин үеийн түүхийн үзэсгэлэнгийн танхимд 5, 10-р сард хоёр талхны баяр зохион байгуулах гэж байна. Илүү сонирхолтой хөтөлбөр, үзүүлбэрүүдээр олны анхаарлыг Дэжон хот руу татсан баялаг баяр болох төлөвтэй байна.
Түүх соёл, бүтээн байгуулалтыг хослуулахыг зорьсон хүчин чармайлт нь Дэжоныг илүү хүчирхэг хот болгож байна. Хэдийгээр гял цал биш ч гэсэн хотын баялаг түүх нь хүмүүсийг ойртуулж, шинэ соёлыг дэлгэрүүлэн, хотод шинэ уур амьсгал түгээсэн. Шинэ салхи салхилсаар, хотын дүр төрх улам баяжсаар. Дэжон хот шинэ дүр төрхөөр эргэн ирж байна.