Шархыг гэрлээр эдгээдэг OLED шархны наалт
Ургамал фотосинтезэд ороход гэрэл ашигладагтай адил гэрэл нь хүний арьсны эсийг нөхөн сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Арьсны эдэд гэрэл тусахад энерги хуримтлуулах үүрэг гүйцэтгэдэг ATP (аденозин трифосфат)-ийн нийлэгжилт идэвжиж, эсийн бодисын солилцооны үйл ажиллагааг сайжирч, меланин нийлэгжилт дарангуйлагдаж, янз бүрийн нөлөө үзүүлдэг коллагены нийлэгжилт дэмжигдсэнээр хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх, шархыг эдгээх, үрэвслийг багасгах гэх мэт үр нөлөө үзүүлдэг. Арьсны эд эсийн эмчилгээний үр нөлөө нь гэрлийн долгионы урт, тусгалын хугацаа зэргээс шалтгаалж харилцан адилгүй байдаг. Ийм маягаар өвчнийг эмчлэх тусгай эд эсийг идэвхжүүлж, нөхөн төлжүүлж, устгах үйл ажиллагааг “гэрлийн эмчилгээ” гэж нэрлэдэг. Солонгосын Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэнгийн (KAIST) профессор Чой Гён Чолын баг OLED-ийн уян хатан, хөнгөн шинж чанарыг ашиглан цаг хугацаа, орчноос үл хамааран гэрлийн эмчилгээ хийх боломжтой OLED шархны наалтыг бүтээжээ.
Фото эмчилгээний орчин үеийн технологи ба түүний хязгаар
Фото эмчилгээ нь арьсны эмчилгээ төдийгүй альцгеймерийн эмчилгээ, сэтгэлийн хямралыг эмчлэхэд ашигладаг өвдөлтгүй, инвазив бус эмчилгээний арга юм. Одоогийн байдлаар ихэнх фото эмчилгээ нь LED гэрлийн эх үүсвэрийг ашигладаг. Энгийн жишээ нь ихэвчлэн эмнэлгүүдэд байдаг LED болон лазер ашигласан батга, шархны эмчилгээ, дунд чихний үрэвсэл эмчлэх төхөөрөмж зэрэг юм. Гэсэн хэдий ч LED гэрлийн эмчилгээ нь хэд хэдэн хязгаарлагдмал талтай байдаг. Энэ нь цэгийн гэрлийн эх үүсвэр учраас гэрэл нь жигд биш, энергийн 50% нь дулаан болон ялгардаг тул халалт үүсдэг. Мөн хэдэн арван, хэдэн зуун LED-ээс бүрддэг тул хүнд төдийгүй зузаан тул хөдөлж байхдаа ашиглахад тохиромжгүй байдаг. Эмнэлэг гэх мэт тодорхой газар очиж эмчилгээ хийлгэдэг учраас цаг хугацаа, газрын хувьд хязгаарлагдмал байдаг. Гэрлийг тогтмол, жигд цацаж, эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэхэд төвөгтэй байдаг.
Хэзээ ч хаана ч эмчлэх боломжтой, чөлөөтэй OLED
Одоогийн LED фото эмчилгээний хязгаарлагдмал байдлыг тэлэх зорилгоор зохион бүтээсэн KAIST-ийн чөлөөт хэлбэрийн OLED наалт нь 1 граммаас бага жинтэй, 1 мм-ээс бага зузаантай хөнгөн бүтээгдэхүүн бөгөөд батерей, хэт халалтаас урьдчилан сэргийлэх төхөөрөмж, болон нимгэн савласан OLED зэргээс бүрдсэн болно. 1000 дахин давтагдсан нугалах туршилтанд ч хэвийн ажиллах уян хатан, усанд угаасан ч 100 цагийн турш ажиллах чадвартай тул хувцас, малгай гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр үйлдвэрлэх боломжтой. OLED наалт нь 42℃-аас доош температурт ажилладаг тул бага температурт түлэгдэх эрсдэлгүй бөгөөд эсийн үржил 58%, эсийн шилжилт хөдөлгөөн 48% сайжирсан тул шархны талбайг үр дүнтэй эдгээдэг. Хөнгөн, уян хатан шинж чанараараа OLED нь янз бүрийн хэлбэрээр үйлдвэрлэгдэх боломжтой бөгөөд биед өмсөж болохуйц хэлбэрээр бэхлэхэд тасралтгүй гэрэл цацруулах чадвартай тул эмчилгээний чухал нөлөөтэй.
Одоогоор анхан шатны технологид тулгуурлан зах зээлд гаргах янз бүрийн судалгаа хийгдэж байна. Уян хатан OLED ашиглан фото эмчилгээний наалтыг олноор үйлдвэрлэх зорилгоор Гуанбио ХХК-ийн судалгааны хүрээлэн Дэжон хотод мөн байгуулагдаад байна. Сержинос гарааны компанитай хамтран Сержинос-ийн бүтээсэн зүү, утас, үдээсгүйгээр шархыг хааж чадах оёдлын бүтээгдэхүүнийг OLED наалттай хослуулсан төхөөрөмж зохион бүтээгээд үүнийхээ эмнэлгийн хэрэгслийн бүртгэл баталгаажуулалтыг гаргаж авахаар ажиллаж байна.
KAIST-д бүтээгдсэн дэлхийн анхны OLED наалт нь цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр өндөр үр дүнтэй гэрлийн эмчилгээг үзүүлэх боломжтой бөгөөд ирээдүйд янз бүрийн эмчилгээнд хэрэглэгдэх магадлал өндөр байгаа нь олны анхаарлыг татаж байна.